ХАВРААС ХАМТДАА АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ

“ХАВРААС ХАМТДАА АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ” аянд манай сургууль нэгдэж байна.


Хүндэт эцэг эх, асран хамгаалагч танаа:
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар боловсролын байгууллага нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчидтай нягт хамтран ажиллах үүрэгтэй байдаг.


Сүүлийн үед өсвөр үеийнхний дунд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэл болох мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуйн хэрэглээ эрс нэмэгдэж байна. Үүнийг дагаад хүүхэд зам тээврийн осолд өртөх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол ихсэж байгаад Хүний эрхийн Үндэсний Комисс болон Тээврийн Цагдаагийн Албанаас онцгойлон анхаарал хандуулж байна.
Иймд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна:


Хяналтаа сайжруулах: Хүүхдийнхээ цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээнд тавих хараа хяналтыг нэмэгдүүлж, насны хязгаарлалт болон техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих;


Хамгаалах хэрэгсэл хэрэглүүлэх: Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох бүрд хамгаалалтын малгай (шлем), тохой, өвдөгний хамгаалалтыг заавал хэрэглэж хэвшүүлэх;


Дүрэм таниулах: Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг олгож, аюулгүй зорчих соёлыг төлөвшүүлэх;


Хамтын ажиллагаа: Сургуулиас зохион байгуулж буй хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрсдэлээс хамтдаа сэргийлэх;


Хүүхэд бүр аюулгүй орчинд сурч, амьдрах эрхтэй. Таны анхаарал халамж хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах хамгийн том баталгаа юм.


ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР